2011-03-30 - Мэдээлэл
Ямар ч байсан Монгол тууль, Цуурын урлаг, Бий биелгээгээ “өмчлөөд” авлаа
Манай улсын соёлын томоохон өв болох “Монгол тууль”, “Цуурын урлаг”, “Монгол бүжиг-Бий биелэгээ”-г дэлхийн соёлын өвд “Монголынх” хэмээн тунхаглан бүртгүүлсний баталгаа болох ёслолын ажиллагаа өнөөдөр болж өнгөрлөө.
Учир нь өнгөрөгч онд болсон ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн хорооны хурлаар Монголын энэхүү соёлын өвийг Дэлхийн Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвөөр бүртгэхээр болжээ.
Түүнчлэн тус хурлаар 2003, 2005 онуудад дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтанд бүртгэгдсэн Монгол морин хуур, уртын дууг шинэчлэн батламжилсан байна.
Эдгээр батламж гэрчилгээг ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалж хадгалах асуудлаарх Засгийн газар хоорондын хорооноос Монгол улс саяхан хүлээн авсан юм.
Харин өнөөдөр болсон ёслолын ажиллагаанд БСШУ-ны сайд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Ё.Отгонбаяр, Соёл урлагийн хөгжлийн хорооны дарга, Ардын уран зохиолч Б.Лхагвабүрэн нар оролцож, уг батламжуудыг Монголын үндэсний музейн захирал СГЗ Ж.Саруулбуян, Төрийн түүхийн музейн захирал н.Оюунтөгс нарт хүлээлгэн өглөө.
Мөн энэ үеэр БСШУ-ны сайд манай улсын ардын язгуур урлагийг өв уламжлуулан хөгжүүлж ирсэн соёлын тээгч зарим зүтгэлтнийг Соёлын тэргүүний ажилтан, Тэргүүний ардын авьяастан цол тэмдгээр шагнасан юм.
Манай улсаас өнгөрөгч онд “Монгол Хөөмэйн урлаг”, “Монгол наадам”-ыг Хүн төрөлхтний биет бус соёлын төлөөллийн жагсаалтанд, 2010 онд “Монгол гэрийн урлал”, “Монгол ардын нугаралтын уламжлал”, “Монгол уран бичлэг”, “Монгол жангар”, “Монгол цам”, “Уул овоо тахих Монгол зан үйл”, “Монгол ардын уламжлалт тоглоом”, “Лимбэ бишгүүрийн битүү амьсгаа”, “ Монгол хувцасны урлал”, “Малд төл авахуулах Монгол зан үйл” зэргийг Яаралтай хамгаалах шаардлагатай Биет бус соёлын өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн баримт бичгийг боловсруулан ЮНЕСКО-д хүргүүлээд байна.